www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“АТАР-4 ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН”-ЫГ ЗАРЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 476

“АТАР-4 ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯН”-ЫГ ЗАРЛАХ ТУХАЙ

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 1.4.2, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын Хөдөө аж ахуйн салбарын зорилт 3-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орон даяар зарлан хэрэгжүүлсүгэй.

2. Аяныг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах зөвлөлийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтсугай. 

3. “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг 2020 оны 1 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай. 

4. Аяныг хэрэгжүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зардлыг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                            Ч.УЛААН