www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ” БАЙГУУЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 111

“БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВ” БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Боловсролын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийн болон “Эрдэмнэт” сүлжээний төвийн мэдээллийн технологийн холбогдох тоног төхөөрөмж, эд хөрөнгийг “Боловсролын мэдээллийн технологийн төв”-д балансаас балансад холбогдох хууль, журмын дагуу шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан) нарт даалгасугай.

3. “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийг “Үндэсний дата төв”-д байршуулж, тус мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Үндэсний дата төв (М.Баттулга) нарт даалгасугай.

4. “Боловсролын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааны нийт зардлыг 2020 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан хэрэгжүүлэх, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                         Ё.БААТАРБИЛЭГ