www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 93

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулан иргэдийг вакцинжуулах, тэдний орлого, дархлааг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрт 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн мөнгөн дэмжлэгийг нэг удаа олгосугай.

2. Мөнгөн дэмжлэг олгох арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээнд шаардагдах зардлыг “Оюутолгой” ХХК-иас төлсөн татварын өрийг улсын төсвийн орлогод бүртгэснээс орох орлогын эх үүсвэрээс болон төсвийн ерөнхийлөн захирагчдын энэ оны төсвийн хэмнэлтээс тус тус санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын   2021 оны төсөвт холбогдох зохицуулалт хийхийг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсүгэй.

5. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй, өр, авлага үүсгэхгүй, хэмнэлтийн горимоор, төсвийн сахилга хариуцлагыг чанд баримтлан ажиллахыг төсвийн бүх шатны захирагч нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Сангийн сайд                                                                               Б.ЖАВХЛАН