www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ИОД ДУТЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИОД ДУТЛЫН ЭМГЭГТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 84

Дэлхий нийтээрээ иод дутлын эмгэгийг устгах зорилт дэвшүүлсэн Ромын 1992 оны Дэлхийн хоол, тэжээлийн тунхаглал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. “Иод дутлын эмгэгтэй тэмцэх” үндэсний шинэчилсэн хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж биелэлтийг хангуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2003 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Иод дутлын эмгэгтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1996 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 6 дугаар тогтоолын З дугаар зүйлээс бусад зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ