www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 157

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.1.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Халхгол, Матад, Баянтүмэн, Булган сумын нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд 80.6 (наян сая зургаан зуун мянган) сая төгрөг, устгасан малын нөхөн олговорт 247.3 (хоёр зуун дөчин долоон сая гурван зуун мянган) сая төгрөг, нийт 327.9 (гурван зуун хорин долоон сая есөн зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний тархалтад тандалт судалгаа хийж гарал үүслийг тогтоохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дорнод аймгийн Засаг дарга С.Жанлав нарт тус тус даалгасугай.

3. Шүлхий өвчний халдвар тархах эрсдэл өндөр байгааг харгалзан хорио цээр тогтоосон нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй байх, баяр наадам болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах, Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудад зүүн аймгуудаас мал сүргийг шилжүүлэхийг нэг жилийн хугацаагаар зогсоож, халдварын голомт илрээгүй Дорнод аймгийн сумдаас зөвхөн үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, анхан шатны боловсруулалт, халдваргүйтгэл хийсэн мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг төвлөрсөн хэрэгцээ, зах зээлд нийлүүлж байх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

                Монгол Улсын Ерөнхий сайд                                                            С.БАТБОЛД 

               Монгол Улсын Шадар сайд                                                                 М.ЭНХБОЛД