www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 

1.1.Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж

2.1.Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.”эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;

3.1.2.”эрүүл мэндийг хамгаалах” гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг;

3.1.3.“эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг;

3.1.4.”эрүүл мэндийн байгууллага” гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;

3.1.5.“эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг;

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.6.“эрүүл мэндийн ажилтан” гэж эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтныг;

3.1.7.“олон улсын хөл хориот өвчин” гэж Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан өвчнийг;

3.1.8.”идэвхжсэн голомтыг цомхотгох” гэж мал, амьтнаас хүнд халдварлах байгалийн голомтот халдварт өвчний байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;

3.1.9.”эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;

3.1.10.“сувилах” гэж өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засахад чиглэсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;

3.1.11.“эх барих” гэж жирэмсний, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайг оношлох, хянах, төрөлтийг удирдах, эмчлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагааг;

3.1.12.”эм барих” гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;

3.1.13.“эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа, өвчин, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сэргээн засах, хянах зориулалтаар бүтээгдсэн бие даасан ажиллагаа бүхий зүйлийг;

3.1.14.“эмнэлгийн багаж” гэж хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сувилах, сэргээн засах, хянах зориулалтаар бүтээгдсэн болон гараар хийх үйлдэлд хэрэглэх зүйлийг;

3.1.15.“эмнэлгийн тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгсэл” гэж эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулахад зайлшгүй шаардагдах туслах хэрэгслийг;

3.1.16.“протез” гэж хүний эд, эрхтнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг;

3.1.17.“эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл” гэж эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргахыг;

3.1.18.“донор” гэж Донорын тухай хуулийн 3.1.2-3.1.4-т заасныг;

3.1.19.“эрүүл мэндийг дэмжих” гэж хүн амын эрүүл мэндийг хянах, бэхжүүлэх, хүн амд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагааг.

3.1.20.“эмнэлгийн бусад мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдахгүй бусад мэргэжилтнийг;

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.21.“сэргээн засах” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг;

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.22.“үндсэн мэргэшил” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн их эмчийн анагаахын шинжлэх ухааны нэг салбарын чиглэлээр дагнан ажиллах мэдлэг, чадвар, дадлыг;

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.1.23.“төрөлжсөн мэргэшил” гэж анагаах ухааны боловсрол олгох сургууль төгссөн эмнэлгийн мэргэжилтний анагаахын шинжлэх ухааны нэг салбарын нарийвчилсан төрлөөр ажиллах мэдлэг, чадвар, дадлыг.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчим

4.1.Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар дараах бодлогыг хэрэгжүүлнэ:

4.1.1.хүн амын эрүүл мэндийг төрийн онцгой анхаарал, ивээлд авах;

4.1.2.хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх;

4.1.3.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандах;

4.1.4.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасан бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчим баримтална:

4.2.1.хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, нотолгоо, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;

4.2.2.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;

4.2.3.эрүүл мэндийн бодлого, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх.



ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5 дугаар зүйл.Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо

5.1.Эрүүл мэндийн удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, эрүүл мэндийн байгууллагын удирдлагаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Монгол Улсын Их Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох;

6.1.2.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;

6.1.3.онц байдлын үед хүн амын эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудлаар эрүүл мэндийн байгууллага, иргэн, бусад байгууллагын үүргийг тодорхойлох;

6.1.4.эрүүл мэндийн асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, цуцлах асуудлыг шийдвэрлэх;

6.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

7.1.Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

7.1.2.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

7.1.3.эрүүл мэндийн талаар үндэсний хөтөлбөр баталж, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.4.эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд бусад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийх;

7.1.5.зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журмыг батлах;

7.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7.2.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулж болно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.

8 дугаар зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

8.1.2.хүн амын эрүүл мэндийн байдлыг судлах, хянах, үнэлэх, эрэлт хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;

8.1.3.төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн болон тусгай эмнэлэг, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажилладаг бусад төрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.4.хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг салбарын хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллагын байршил, бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, шатлал, эмнэлгийн болон сувиллын орны дээд хязгаарыг тогтоох;

8.1.5.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

8.1.6.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцох;

8.1.7.эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх;

8.1.8.эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх;

8.1.9.эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг хангуулах, эрүүл мэндийн мэргэжлийн чиглэл, индекс, анагаах ухааны боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоо, сургалтын түшиц эмнэлгээр хангах асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх;

8.1.10.эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;

8.1.11.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлогыг тодорхойлох, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8.1.12.эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн бодлогыг холбогдох байгууллагатай хамтран тодорхойлох;

8.1.13.аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах;

8.1.14.эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн тогтолцооны бодлогыг тодорхойлох, мэдээллээр хангах;

8.1.15.эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг тодорхойлох, түншлэл, концессын төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эрүүл мэндийн асуудлаар хувийн хэвшил, төрийн бус байгууллага болон гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.1.16.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн байгууллага, үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.1.17.эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.1.18.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.1.19.эрүүл мэндийн статистик мэдээллийг нэгтгэн гаргах, мэдээлэх;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.1.20.эрүүл мэндийн салбарын хөгжил, эрүүл мэндийн ажилтны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах, судалгаа хийх;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.1.21.иргэний эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэг, гэмтлийн улмаас эрүүл мэндэд үүсэх үр дагаврыг багасгах, арилгах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.22.эмийг бүртгэх, баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулж, эмийн чанар, аюулгүй байдлын талаар нийтэд мэдээлэх;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.1.23.эрүүл мэндийн ажилтныг төгсөлтийн дараах сургалтад хамруулах, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.1.24.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл мэндийн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулахад нь зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулан ажиллуулж болно.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9 дүгээр зүйл.

/Энэ зүйлийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

10.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

10.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн дүгнэлт өгөх;

10.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар хөтөлбөр, шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;

10.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11 дүгээр зүйл.Бүх шатны Засаг даргын бүрэн эрх

11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

11.1.2.харьяалах нутаг дэвсгэртээ хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, ойрын ба хэтийн төлөвийг тодорхойлсон хөтөлбөр, төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

11.1.3.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн харьяалах нутаг дэвсгэрийнхээ эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, оновчтой байршуулах, материаллаг бааз, хүний болон санхүүгийн нөөцийг зохистой хуваарилах;

11.1.4.байгалийн онц аюултай үзэгдэл болон олон улсын хөл хориот өвчин гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;

11.1.5.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа хамт олон, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;

11.1.6.аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох, чөлөөлөх;

11.1.7.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

11.1.8.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт санхүүжилт олгох;

11.1.9.тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх;

/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11.2.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, дээд шатны Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

11.2.2.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах;

11.2.3.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах;

11.2.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн хувьд бэхжүүлэх;

11.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11.3.Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө.

12 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх

12.1.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

12.1.2.улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттайгаас бусад эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, тухайн шатны Засаг даргад танилцуулах;

12.1.3.эмнэлгийн орыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хязгаарт багтаан зохицуулах;

12.1.4.харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих;

12.1.5.харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллагад өгөх.

12.2.Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/



ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

13 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл

13.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна:

13.1.1.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;

13.1.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээ.

13.2.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна.

13.3.Эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дангаараа болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдтэй хамтран явуулна.

13.4.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын, эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан, түргэн тусламжийн, сэргээн засахын гэсэн төрөлтэй байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.6.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл болон түүнтэй холбогдох харилцааг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.7.Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО

14 дүгээр зүйл.Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо

14.1.Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ.

15 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөл

15.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна:

15.1.1.өрхийн эрүүл мэндийн төв;

15.1.2.сум, тосгоны эрүүл мэндийн төв;

15.1.3.хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.4.клиник;

15.1.5.амаржих газар;

15.1.6.нийгмийн эрүүл мэндийн төв;

15.1.7.нэгдсэн эмнэлэг;

15.1.8.сувилал;

15.1.9.түргэн тусламжийн төв;

15.1.10.сэргээн засах төв;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.11.тусгай эмнэлэг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.1.12.тусгай мэргэжлийн төв.

15.1.13.төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг;

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.1.14.сувилахуйн төв.

/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.2.Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16 дугаар зүйл.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын чиг үүрэг

16.1.Энэ хуулийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.8, 15.1.9, 15.1.10, 15.1.11, 15.1.13, 15.1.14-т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.2.Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.3.Өрхийн эрүүл мэндийн нэг төвд ногдох иргэний тоог Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.3.Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.5.Өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэхэд төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгийг төлбөргүйгээр ашиглах журмыг хуулиар тогтооно.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.6.Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

16.4.Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь харьяа нутаг дэвсгэрийн хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх орон нутгийн өмчит хуулийн этгээд байх бөгөөд сумын эрүүл мэндийн төв нь хүн амын тоо, байршлаас хамааран багийн эмчийн салбартай байж болно.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.5.Сумын эрүүл мэндийн төвийн зэрэглэл, бусад сумын хүн амыг хамруулан тусламж, үйлчилгээ үзүүлэх зарим сумын эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээг тогтоох, багийн эмчийн салбар байгуулах, өөрчлөн зохион байгуулах асуудлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.6.Хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв нь хорт хавдрын болон бусад өвчний төгсгөлийн шатанд орсон өвчтөнд хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.7.Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулатороор болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.8.Амаржих газар нь хүн амд эх барихын тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллага байна.

/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, өөрчлөн найруулсан/

16.9.Нийгмийн эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс барим