www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь худалдаа, аж үйлдвэрийн танхим болон худалдааны танхим /цаашид "танхим" гэх/-ын бүрэн эрх, үйл ажиллагааны үндсэн чиглэл, түүний тогтолцоо, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, танхим болон төрийн ба бусад байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Танхимын тухай хууль тогтоомж

1. Танхимын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2. Монгол Улсын олон улсын гэрээнд танхимын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Танхимын тухай ойлголт

1. Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/



ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТАНХИМЫН ЗОРИЛТ, БҮРЭН ЭРХ, ТОГТОЛЦОО

4 дүгээр зүйл. Танхимын зорилт, бүрэн эрх

1. Танхим нь улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.

2. Танхим нь дараахь бүрэн эрх эдэлнэ:

1/гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах асуудлаар төрийн байгууллагатай харилцах;

2/үйл ажиллагааны дүрэм, бүтэц, зохион байгуулалтаа батлах;

3/салбар болон төлөөлөгчийн газраа дотоод, гадаадад нээн ажиллуулах.

3. Танхим нь бүрэн эрхийнхээ хүрээнд дараахь үйл ажиллагаа явуулна.

1/дотоод, гадаадын зах зээлийн мэдээлэл солилцох;

2/дотоод, гадаадын эдийн засгийн байгууллага, үйлдвэр, худалдааныхны судалгааны болон ажил хэргийн төлөөлөгчид солилцох, уулзалт хэлэлцээг зохион байгуулах;

3/гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлдвэрлэл, худалдаа эрхлэхтэй нь холбогдсон үйлчилгээ үзүүлэх;

4/дотоод, гадаадад үйлдвэр, худалдааны олон улсын болон төрөлжсөн үзэсгэлэн, яармаг зохион байгуулах;

5/реклам, сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх, уран сайхны зарлал, чимэглэлийн эхийг бэлтгэх, хийлгэх;

6/аж ахуйн нэгж, байгууллагууд зөвлөлгөө өгөх, үйлдвэр, худалдааны түнш эрх олохтой холбогдсон мэдээллээр хангах, боловсон хүчин бэлтгэхэд нь туслах болон бусад үйлчилгээ үзүүлэх;

7/олон улсын болон гадаад улсын худалдаа, эдийн засгийн байгууллага, танхим, худалдаа, үйлдвэрлэл дэмжих байгууллагатай хамтран ажиллах;

8/дотоодын шинээр бий болсон жижиг, дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;

9/Монгол улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бусад үйл ажиллагаа явуулах.

5 дугаар зүйл. Танхимын тогтолцоо

1. Монгол Улсад үндэсний танхим нэг байна.

2. Аймаг, нийслэлийн, эсхүл аймаг дундын танхим байж болно.

6 дугаар зүйл. Үндэсний танхим

1. Монголын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хэрэгжүүлнэ.

2. Үндэсний танхим нь танхимын нийтлэг зорилт, бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дараахь тодорхой бүрэн эрхтэй байна:

1/төрийн эдийн засаг, нийгмийн бодлогыг тодорхойлоход санал дүгнэлт оруулах, түүний дотоод, гадаадад тайлбарлан таниулах, хэрэгжилтэд нь тус дэмжлэг үзүүлэх;

2/худалдаа, үйлдвэрийнхний нийтлэг эрх ашгийг төрийн эрх барих болон гүйцэтгэх дээд байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчин бүрдүүлэх үүднээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал оруулах;

3/энэ хуульд өөрөөр заагаагүй бол экспортын барааны гарал, үүслийг гэрчлэх;

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4/хуульд зааснаар дэргэдээ гадаад худалдааны арбитр байгуулан ажиллуулах;

5/экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргах;

6/давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан бараа нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжих бараа бол түүний гарал үүслийг биржийн тодорхойлолтыг үндэслэн гэрчилнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн, аймаг дундын танхим

1. Аймаг, нийслэлийн, эсхүл аймаг дундын танхим тухайн нутаг дэвсгэрт нэг байна.

2. Аймаг, нийслэлийн, аймаг дундын танхим нь бие даан үйл ажиллагаа явуулна.



ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТАНХИМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, БҮРТГҮҮЛЭХ, ТАНХИМЫН ДҮРЭМ

8 дугаар зүйл. Танхимыг үүсгэн байгуулах

1. Үндэсний танхимыг Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу аймаг, нийслэлийн, аймаг дундын танхим, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэйгээр үүсгэн байгуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Аймаг, нийслэлийн, аймаг дундын танхимыг 5О-иас доошгүй аж ахуйн нэгж, байгууллага Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу үүсгэн байгуулж болно.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3. Үүсгэн байгуулагчид бүх гишүүний хурлаа хийж, дүрмээ батална.

4. Танхимд иргэн элсэж болно.

9 дүгээр зүйл. Танхимыг бүртгэх журам

1.Үүсгэн байгуулагчид танхимын дүрмийг баталснаас хойш 14 хоногийн дотор танхимыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу гаргана.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

1/танхимын нэр, төв нь байрлаж байгаа газрын хаяг, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдээ;

2/дүрэм;

3/гишүүдийн бүртгэл.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.Улсын бүртгэлийн байгууллага өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10 дугаар зүйл. Танхимын дүрэм

1. Танхимын дүрэмд дараахь асуудлыг тусгана:

1/дүрмийн зорилт;

2/гишүүний төрөл, эрх үүрэг, гишүүн элсүүлэх, чөлөөлөх, гишүүнээс гарах болзол, журам;

3/удирдлага, зохион байгуулалт;

4/дүрэм зөрчсөн тохиолдолд гишүүнд хүлээлгэх хариуцлага.

2. Үндэсний танхим нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн З, 5, 6-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх албыг байгуулан ажиллуулна.  Түүний ажиллах журмыг зөвлөл тогтооно.



ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТАНХИМЫН САНХҮҮЖИЛТ, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА

11 дүгээр зүйл. Танхимын санхүүжилт, түүний эх үүсвэр

1. Танхимын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1/гишүүний татвар;

2/иргэд, байгууллагын хандив;

3/үйлчилгээний орлого.

2. Танхим нь ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй боловч Иргэний хууль, энэ хуульд заасан буюу дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ.

3. Танхимын үйлчилгээний хөлсний хэмжээг танхимын саналыг үндэслэн Сангийн сайд, Худалдаа үйлдвэрийн сайд хамтран тогтооно.

12 дугаар зүйл. Танхимын эд хөрөнгийн хариуцлага

1. Танхим нь өөрийн эд хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

2. Танхим гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг, гишүүд танхимын хүлээх үүргийг тус тус хариуцахгүй.



ТАВДУГААР БҮЛЭГ
ТАНХИМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСГАВАР БОЛОХ

13 дугаар зүйл. Танхимыг өөрчлөн байгуулах

1. Хэд хэдэн аймгийн танхим хоорондоо нэгдэж аймаг дундын танхим байгуулах, эсхүл 1 буюу хэд хэдэн аймгийн танхим аймаг дундын танхимд нийлж болно.  Эдгээр нэгдсэн аймгийн танхимын эрх, үүрэг шинээр буй болсон, нийлсэн аймгийн танхимын эрх, үүрэг өргөжсөн аймаг дундын танхимд тус тус шилжинэ.

2. Аймаг дундын танхим хэд хэдэн аймгийн танхим болж хуваагдах, эсхүл аймаг дундын танхимаас нэг буюу хэд хэдэн аймгийн танхим тусгаарлан гарч болно. Аймаг дундын танхимын эрх, үүрэг хуваагдсан, тусгаарласны эцэст буй болсон танхимуудад шилжинэ.

3. Танхимыг өөрчлөн байгуулах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж, өөрчлөн байгуулах комисс томилно.

4. Танхим өөрчлөн байгуулагдсан тухай бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.

14 дүгээр зүйл. Танхимыг татан буулгах

1. Дор дурдсан тохиолдолд танхимыг татан буулгана:

1/үйл ажиллагаа цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн үндэслэлээр танхимыг татан буулгах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарсан;

2/хуулийг удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөнөөс танхимыг татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

3/гишүүн аж ахуйн нэгж, байгууллагын тоо 50 хүрэхгүй болсноос бүртгэх байгууллага татан буулгахаар шийдвэрлэсэн.

2. Танхимыг татан буулгах асуудлыг шийдвэрлэсэн байгууллага татан буулгах комисс томилно.

3. Татан буулгах комисс Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Н. БАГАБАНДИ