www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

2011 оны 3 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 78

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7, Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Япон Улсын Мияги болон Ивате мужид хүчтэй газар хөдлөлт, цунами болж байгалийн ноцтой гамшиг тохиолдон олон хүн амь үрэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Япон Улсад буцалтгүй тусламж болгон 1.0 (нэг) сая ам.долларыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

2. Улсын нөөцөөс 2500 ширхэг дулаан хөнжлийг гарган гамшгийн голомтод хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

3. Япон Улсад байгалийн ноцтой гамшиг учирсантай холбогдуулан нэг өдрийн цалингаа хандив болгохыг нийт төрийн байгууллагын албан хаагчид, зохих хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхийг бусад иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид уриалсугай. 

              Монгол Улсын Ерөнхий сайд                               С.БАТБОЛД 

             Гадаад харилцааны сайд                                    Г.ЗАНДАНШАТАР