www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2008 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 48

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хангалтыг найдвартай, тасралтгүй болгох зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар/С.Баяр/-т даалгасугай:

1/газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн доод хэмжээг 2008 онд багтаан 120 мянган тонн буюу 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж түүнд шаардагдах 189.8 тэрбум төгрөгийн, 2009 онд багтаан 180 мянган тонн буюу 3 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж түүнд шаардагдах 284.8 тэрбум төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.5-д заасны дагуу бензин, шатахууны нөөц хэлбэрээр байршуулах, нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулах;

2/импортлогч компаниудад газрын тосны бүтээгдэхүүний 2008 оны 4, 5 дугаар сарын жижиглэн худалдаалах үнийн зөрүүгийн алдагдалд 7.9 тэрбум төгрөгийг Эрсдлийн сангаас олгох;

3/газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, 2008 оны 3 дугаар улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/газрын тосны хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсад ногдох газрын тосыг боловсруулах болон нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг 2009 онд багтаан хангах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, татварын болон эдийн засгийн бусад аргаар урамшуулах талаар санал боловсруулах;

5/эдийн засгийн салбарт цаашид хамтран ажиллах, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой, баталгаатай байлгах, түүхий газрын тос импортоор авч дотооддоо боловсруулах чиглэлээр ОХУ-тай хэлэлцээ хийх, БНХАУ, БНКаУ, Ойрхи дорнодын болон бусад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломжийг 2008 онд багтаан судлаж холбогдох хэлэлцээ хийх;

6/үнийн хөнгөлөлтийн карт өгөх, татаас, нөхөн олговор олгох зэргээр үнийн өсөлтөд илүүтэй өртөж байгаа нийгмийн эмзэг бүлэгт оновчтой чиглэсэн дэмжлэг үзүүлэх бодлого баримтлах, цаашид газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтвортой өсөх, хомсдол үүсэх хандлагатай байгааг нийт байгууллага, иргэдэд анхааруулж, хэрэгцээгээ зөв тодорхойлж, хэмнэлттэй хэрэглээг төлөвшүүлэх талаар сурталчлах, шаардлагатай бусад арга хэмжээг авах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо/Д.Ганхуяг/-нд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН