www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН НАЙРСАГ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЦААШИД ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН НАЙРСАГ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЦААШИД ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ

1998 оны 7 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 87

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тэгш эрх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчилсан түгээмэл зарчмуудын үндсэн дээр хоёр орны ард түмний эрх ашиг, сайн сайхны төлөө бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийн эрх ашигт нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэхийг эрхэмлэн,

Америкийн Нэгдсэн Улсын Конгресс Монгол оронд өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үйл явцыг тууштай дэмжиж Сенат, Төлөөлөгчдийн танхимын хамтарсан 1991 оны 21 дүгээр тогтоол, Төлөөлөгчдийн танхимын 1995 оны 158 дугаар тогтоол, Сенатын 1996 оны 276 дугаар тогтоол, Сенат, Төлөөлөгчдийн танхимын хамтарсан 1998 оны 6О дугаар тогтоол гаргасныг өндөр үнэлэн,

Америкийн Нэгдсэн Улсын Засаг захиргааны зүгээс Монгол Улс шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулахад улс төрийн дэмжлэг, эд материалын туслалцааг хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд үзүүлж ирсэнд Монгол Улсын Их Хурал гүнээ талархаж байгаагаа илэрхийлэн,

Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төрийн аргаар сахин хамгаалах, улс төрийн ардчилал, эдийн засгийн шинэтгэлийг бэхжүүлэх зорилгын үүднээс Америкийн Нэгдсэн Улстай тогтоосон хамтын ажиллагааг манай гадаад бодлогын гол түшиг тулгуурын нэг гэж үзэж өргөжүүлэн хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрийг сайшаан,

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын 1998 оны 5 дугаар сарын 2-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үед гаргасан Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцааны тухай хамтарсан мэдэгдлийн үзэл санаа, хоёр талын хооронд ярилцаж тохиролцсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг хангахад бүх талын хүчин чармайлт гарган ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ