www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай


УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай

2009 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 57

Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалт, 29 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай.

2.Оюу толгой ордыг ашиглахтай холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан үндсэн зарчим, удирдамж, Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн санал, дүгнэлтийг харгалзан байгуулахыг Засгийн газар /С.Баяр/-т зөвшөөрсүгэй.

3.Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-д даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ