www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН “БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ АВАХ” ГЭМТ ХЭРГИЙГ ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦААНААС ҮҮССЭН МАРГААНААС ЯЛГАЖ, ЗӨВ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

2006 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                            Улаанбаатар

сарын 21-ний өдөр                                                                                                        Дугаар 51                                                                                                                              хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148 ДУГААР ЗҮЙЛД

ЗААСАН “БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ АВАХ”

ГЭМТ ХЭРГИЙГ ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦААНААС

ҮҮССЭН МАРГААНААС ЯЛГАЖ, ЗӨВ ШИЙДВЭРЛЭХЭД

АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргийн гаралт өсч, энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ иргэний эрх зүйн гэрээний харилцааг ашиглах байдал нэмэгдэж байгааг харгалзан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь заалтыг удирдлага болгон Улсын Дээд Шүүхээс ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “…бусдын эд хөрөнгө…” гэдэг нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс байна.

2.Мөн зүйлийн “…өмчлөх эрх..” гэдэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийг ойлгоно.

3.Мөн зүйлийн “…хуурч мэхлэх арга…” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ.

Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргээр илэрнэ.

4.Мөн зүйлийн “…итгэл эвдэх арга…” гэдэг нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ.

Итгэл эвдэх арга нь гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх авах, худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ.

5.Мөн зүйлийн “…бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан…” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг зөрчих замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно.

6.Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана.

7.Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

8.Байгалийн давагдашгүй хүч, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйл буюу нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүйг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

9.Залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.

10.Залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.

11.Бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилан мэхлэж авах нь уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, тухайлбал, барьцааны хөрөнгөгүй, хөрөнгө нь байлаа ч гэсэн эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан, түүнчлэн Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдаг зэргээр иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс ялгагдана.

12.Гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, барьцаалсан эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний үүргийн шаардлага хангуулж авахад ямар нэгэн саад бэрхшээлгүй, боломжтой байх ёстой тул барьцааны эд хөрөнгө үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг анхнаасаа хангах боломжгүй байсан ба энэ байдлыг үүрэг гүйцэтгэгч, мэдэж, санаатайгаар нуун далдалсан нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.

13.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч буюу хүлээн авагчид шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнэ хөлсийг төлдөг бол залилан мэхлэх гэмт хэргийн үед шунахай сэдэлтээр, өөртөө ашиг олох субъектив санаа зорилгоор чанар муутай, эсхүл иж бүрдэл дутуу бүтээгдэхүүн буюу гэрээнд зааснаас цөөн тооны бүтээгдэхүүн нийлүүлэх, үнийг дутуу төлөх зэргээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, хууль бусаар шилжүүлж авдгаараа ялгагдана.

14.Худалдах-худалдан авах, түрээслэх, эд хөрөнгө хөлслөх гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг нь анхнаасаа хууль, гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхггүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг төдийгүй чанар муутай буюу иж бүрдэл дутуу бүтээгдэхүүн санаатай нийлүүлж өөртөө ашиг олсон, төлбөрийг төлөх боломжтой атлаа зориуд дутуу төлсөн зэрэг хэлбэрээр илэрнэ.

15.Иргэний хуулийн 56 /Хүчин төгөлдөр бус байх хэлцэл/, 57 /Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл/, 58 /Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл/, 59 /Хууран мэхэлж хийсэн хэлцэл/, 60 /Хүч хэрэглэж хийсэн хэлцэл/ дугаар зүйлд тус тус заасан хэлцлээс үүссэн маргаанд шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших эрхийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар олж авах гэсэн гэмт санаа зорилго байдаггүй тул уг хэлцлүүдээс үүссэн маргаан болгон гэмт хэрэг болохгүй. Харин дээрхи хэлцлүүдээр халхавчлан шунахай сэдэлтээр хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар авсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.—

16.Залилан мэхлэж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно.

17.Залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэхдээ хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт болон компьютерийн программ, сүлжээ, төхөөрөмж зэргийг ашигласан тохиолдолд нийлмэл гэмт хэрэг гэж үзэж Захиргааны журмын болон компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй.

Харин хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт болон компьютерийн программ, сүлжээ, төхөөрөмж зэргийг мэдсээр байж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан этгээдийг энэ хэргийн хамтран оролцогч гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

18.Залилан мэхлэж авах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлно. Харин шууд бус хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй бөгөөд түүгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүй.

19.Хохирогч нь өөрт зайлшгүй орох байсан орлогоо Иргэний хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй бөгөөд ийнхүү гаргасан нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэнэ. Иргэний нэхэмжлэлийн тооцоог бүрэн хийх боломжгүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргахыг хохирогчид мэдэгдэнэ.

20.Бусдын өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан тохиолдолд уг эрхээр баталгаажсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр бодит хохирлыг тооцно.

Өмчлөх эрхийг үнэлж болохгүй тохиолдолд залилан мэхлэх гэмт хэргийг энгийн бүрэлдэхүүнтэй гэж үзнэ.

21.Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг олж авах гэсэн субьектив санаа зорилготой байсан эсэхийг заавал тогтоосон байвал зохино.

                                                                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                                  ШҮҮГЧ                                      С.НЯМЖАВ