www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

2008 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 7-ны өдөр                                                                                                              Дугаар 10                                                                                                                           хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ

ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хурлаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг /цаашид Эрүүгийн хууль гэнэ/ баталсныг 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн даган мөрдөж байгаа билээ.

Энэхүү хуулиар урьд нь гэмт хэрэгт тооцож байсан зарим хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх, зарим үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцох болон зарим төрлийн ялын хугацаа, хэмжээг нь өөрчилснөөс гадна зарим зүйлд заасан хорих ялын доод, дээд хэмжээг багасгах буюу өсгөх зэрэг үндсэн өөрчлөлтүүдийг оруулжээ.

Иймд энэ хуулийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3, 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.2002 оны Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 163 дугаар зүйл /Хууль бусаар олж авсан эд хөрөнгө, мөнгийг ашиглах/, 167 дугаар зүйл /Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль тогтоомж зөрчих/, 239 дүгээр зүйл /Төрийн дайчилгаанаас зайлсхийх/, 267 дугаар зүйл /Албан тушаалтны нэр барих/, 272 дугаар зүйл /Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах/, 103 дугаар зүйл /Бэлгийн замын халдварт өвчин халдаах/-ийн 1 дэх хэсэг, 155 дугаар зүйл /Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах/-ийн 2 дахь хэсэг, 230 дугаар зүйл /Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх/-ийн 1 дэх хэсгийг тус тус гэмт хэрэгт тооцохгүй болсон тул эдгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгүүлж, ял эдэлж байгаа хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлнө.

Хэрэв хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага шалгаж байгаа бол прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол шүүх хуралдаанаас тус тус хэрэгсэхгүй болгоно.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, ял эдэлсэн буюу уг тогтоолын дагуу ялаас чөлөөлөгдсөн хүмүүсийг ялгүйд тооцно.

3.Уг тогтоолын 1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт урьд ял шийтгүүлж, тухайн зүйл, хэсгээр оногдуулсан ял нь Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдох зүйл, хэсгээр оногдуулсан ялд багтсан бол эдэлсэн ялыг хувь тэнцүүлэн тооцож, гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл, хэсгээр оногдуулсан ялаас чөлөөлж, гэмт хэрэгт тооцсон нь хэвээр байгаа зүйл, хэсгээр оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэсгийг эдлүүлнэ.

Харин Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл, хэсгээр оногдуулсан ялд Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон хэвээр байгаа зүйл, хэсгээр оногдуулсан ялыг багтаасан байвал эдэлсэн ялыг хувь тэнцүүлэн тооцож, багтаасан хүнд ялаас хугацааг харгалзахгүй чөлөөлж, уг багтсан ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг эдлүүлнэ. Хэрэв уг багтсан ялыг эдэлсэн байвал ялаас бүрэн чөлөөлнө.

Түүнчлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл, хэсгээр оногдуулсан ялыг өөр зүйл, хэсгээр оногдуулсан ялтай нэмж нэгтгэсэн байвал гэмт хэрэгт тооцогдохгүй болсон зүйл хэсгээр оногдуулсан ялыг шууд хасч тооцно.

4.2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын дээд хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээнд нийцүүлж хасна.

5.2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан зүйл, хэсгүүдийг 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00 цагаас хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэнэ.

Мөн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.1, 148 дугаар зүйлийн 148.1, 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсгүүдэд “бага бус хэмжээний хохирол учирсан” гэсэн бүрэлдэхүүнийг шинээр нэмсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00 цагаас өмнө бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл/, булаах /Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйл/, залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл/, завших, үрэгдүүлэх /Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл/ гэмт хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгүүлж, ял эдэлж байгаа хүмүүсийн бусдад учруулсан хохирлын нийт хэмжээ нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох” тухай 350 дугаар тогтоолд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108.000 /нэг зуун найман мянган/ төгрөгт хүрэхгүй байвал тэдгээрийг эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлнө.

Харин дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн этгээдийн бусдад учруулсан хохирлын нийт хэмжээ нь 108.000 /нэг зуун найман мянган/ төгрөг ба түүнээс дээш байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй.

Хэрэв хэргийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага шалгаж байгаа бол прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол шүүх хуралдаанаас тус тус хэрэгсэхгүй болгоно.

6.2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийн заалтаас өмнөх хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хасагдсан байвал чухамхүү тэр бүрэлдэхүүнээр шийтгүүлсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлж, ялгүйд тооцно. Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь хасагдсан боловч өөр төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэх болсон тохиолдолд ялаас чөлөөлөхгүй бөгөөд ялгүйд тооцохгүй.

7.Тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр шийтгүүлж, одоо ял эдэлж байгаа этгээдийн үйлдэл нь нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр эсхүл хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж болох зүйл, хэсгээр зүйлчлэгдэх болсон бол уг хэргийг хянаж байгаа шүүх буюу уг ялыг эдлүүлж байгаа газрын харъяалах шүүх болон харьяалал тогтоосон шүүхийн шүүгч захирамж, шүүх тогтоол гарган хуульд нийцүүлж шийдвэрлэнэ.

Жишээ нь: 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээс “...энэ хэрэгт хоёр буюу түүнээс дээш удаа шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол...” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хассан тул урьд нь энэ хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хэргийг зүйлчилж, 10-аас дээш жил хорих ялаар шийтгүүлэн, ял эдэлж байгаа этгээдийн хэргийг одоо даган мөрдөж буй Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчилж, ялыг хуульд нийцүүлэн хасна. Ийнхүү хасахдаа хорих ял эдлэх дэглэмийн асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ.8.2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар тодорхой төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өмнөх хуульд зааснаас хүндэрч тогтоогдсон бол гэмт этгээдэд оногдуулсан буюу оногдуулах ялыг хүндрүүлэхгүй бөгөөд энэ нь 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна.

Харин одоо даган мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт ял эдэлж буй болон шийтгүүлж байгаа этгээдийн хорих ялын доод хэмжээ багассан тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн доод хэмжээгээр оногдуулсан ялыг нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан доод хэмжээнд нийцүүлэн хасч тогтооно.

9.Нэг төрлийн гэмт хэргийг давтан болон үргэлжилсэн үйлдлээр хийсний сүүлчийн үйлдэл нь 2008 оны 2 дугаар сарын 25-наас хойш гарсан байвал нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэнэ.

10.2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасан “...хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна”, 621 дугаар зүйлийн 621.1-д заасан “...хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй байна” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт хорих ялын доод хэмжээг заасан тохиолдолд л хэрэглэнэ.

Дээрх зүйл, хэсгүүдэд заасан “Хэтрэхгүй байна” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д “...хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос...”, 60 дугаар зүйлийн 60.2-т “...аль хүнд төрлийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс...”, 60.3-т “...аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос...”, 621 дугаар зүйлийн 621.1-д “...хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс...” гэж тус тус заасан хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахгүй байхыг ойлгоно.

11.Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт хорих ялын доод хэмжээг заагаагүй бол мөн хуулийн 551, 621 дугаар зүйлүүдийг хэрэглэхгүй.

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлд зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, тухайн хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод, дээд хэмжээг багасгасан тохиолдолд урьд нь үүнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг доод хэмжээнд нийцүүлэх, хасах, ялаас чөлөөлөх зэрэг ажиллагааг 2008 оны 4 дүгээр сарын 1-ний дотор харъяалах хорих ангитай хамтран хийж гүйцэтгэх, дүнг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд мэдээлэхийг аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нарт үүрэг болгосугай.

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Д.БАТСАЙХАН