www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ИМПОРТ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОХ, ЭКСПОРТЛОХ   ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./


/Энэ хуулийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар

хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөрУлаанбаатар хот

АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ИМПОРТ, ХИЛ

ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОХ,

ЭКСПОРТЛОХ   ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг аюултай хог хаягдлаас хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Аюултай хог хаягдлын импорт,  хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж

2.1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж нь  Байгаль орчныг хамгаалах тухай хууль,1 Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль2 энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.  Аюултай хог хаягдлын үндэсний тодорхойлолт

3.1. Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцид тодорхойлсны дагуу хүн, амьтны эрүүл мэнд, үр удамд сөргөөр нөлөөлж, тэдгээрт өвчин эмгэг үүсгэдэг буюу байгаль орчны тэнцлийг алдагдуулдаг шинж чанар бүхий хог хаягдлыг аюултай гэж үзнэ.

3.2. Тэсрэмтгий, шатамхай шингэн буюу хатуу, өөрөө шатдаг, цацраг идэвхт, хөрс, агаар, устай харилцан үйлчилснээс хортой, эсхүл галын аюултай хий ялгаруулдаг, исэлдүүлэгч, идэмхий, органик хэт ислийн хаягдал нь аюултай хог хаягдалд хамаарна.

3.3. Энэ хуулийн 3.2.-т заасан шинж чанар бүхий аюултай хог хаягдлын нарийвчилсан тодорхойлолтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн албадтай хамтран тогтоож болно.

4 дүгээр зүйл. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох

4.1. Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.

4.2. Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

5 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг экспортлох зөвшөөрөл

           

5.1. Иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамаарна/, хуулийн этгээд аюултай хог хаягдлыг экспортлож болно.

5.2. Аюултай хог хаягдлыг экспортлох зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь нөхцөлд олгоно:

5.2.1. аюултай хог хаягдлыг боловсруулан ашиглах техник, тусгай тоног төхөөрөмж байхгүй;

5.2.2. аюултай хог хаягдлын импорт тухайн улсад   хүлээн зөвшөөрөгдсөн.

5.3. Аюултай хог хаягдлыг экспортлох этгээд нь  зөвшөөрөл авах  тухай бичгээр гаргасан өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

5.3.1. аюултай хог хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ, импортлогч этгээдийн бичгээр гаргасан хүсэлт;

5.3.2. аюултай хог хаягдал импортлогч этгээдэд тухайн улсын эрх бүхий байгууллагаас  олгосон зөвшөөрөл.

6 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах журам

6.1. Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах,тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах журмыг Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

                                                              

7.1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 4.1; 4.2; 5.2; 5.3-ыг зөрчсөн гэм буруутай иргэнийг 35000-50000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна.

7.2. Энэ хуулийн 7.1.-д заасан захиргааны зөрчлийг эрх бүхий албан тушаалтан дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:

7.2.1. шүүгч энэ хуулийн 4.1;4.2.-т заасан зөрчил;

7.2.2. эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 5.2;5.3.-т заасан зөрчил. 

7.3. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд  Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн  хариуцлага хүлээлгэнэ.

           

8 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх

8.1. Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах журам зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                         Л.ЭНЭБИШ


1 Байгаль орчныг хамгаалах тухай хууль-"Тєрийн мэдээлэл"-ийн 1995 оны 5,6 дугаарт нийтлэгдсэн.

2 Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль-"Тєрийн мэдээлэл"-ийн 1995 оны 5,6 дугаарт нийтлэгдсэн