www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж

2.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.бохирдуулах бодис гэж Усны тухай хуулийн 3.1.22-т заасныг;

3.1.2.“ус бохирдуулагч” гэж Усны тухай хуулийн 3.1.29-д заасныг;

3.1.3.“хаягдал ус” гэж Усны тухай хуулийн 3.1.24-т заасныг;

3.1.4.ус бохирдуулсны төлбөр гэж Усны тухай хуулийн 3.1.32-т заасныг;

3.1.5.усны чанарын стандарт гэж Усны тухай хуулийн 3.1.21-д заасныг;

3.1.6.”хаягдал усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.25-д заасныг;

3.1.7.”ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.26-д заасныг;

3.1.8.”ариутгах татуурга” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.3-т заасныг.

4 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

4.1.Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна.

4.2.Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг даргатай ус бохирдуулсны төлбөрийн гэрээ байгуулсан хот, суурин газрын ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэдэг хуулийн этгээд нь ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.3.Сав газрын захиргаа, эсхүл сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаас бусад ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гарган өгч, татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.4.Ус бохирдуулагчийн талаарх мэдээлэлд төлбөр төлөгчийн нэр, хаяг, байршил, ус бохирдуулагчийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, хаягдал  усны эзлэхүүн, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ зэрэг татварын хяналтад шаардлагатай бусад үзүүлэлтийг тусгана.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.5.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хаягдал ус хаях зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Усны тухай  хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.6.Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал  уснаас төлбөр авах журмыг энэ хуулийн 7.1-д заасныг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийн дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5 дугаар зүйл.Төлбөр ногдох зүйл

5.1.Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан дараах хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна:

5.1.1.хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус;

5.1.2.ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал ус.

5.2.Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

6 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт

6.1.Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тогтооно:

6.1.1хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар;

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.2 хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар;

6.1.3.хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар.

6.2.Хоногт 50 шоометрээс бага, аюултай бохирдуулах бодис агуулаагүй хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

7 дугаар зүйл.Төлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах

7.1.Төлбөрийн хэмжээг хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээнд үндэслэн дараах хязгаарт багтаан Засгийн газар тогтооно:

Бохирдуулах бодис Хэмжих нэгж Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
доод дээд
Жинлэгдэх бодис килограмм 50 1000
Органик бодис килограмм 50 1000
Эрдэс бодис килограмм 20 400
Хүнд металл килограмм 500 10000
Аюултай бохирдуулах бодис грамм 1000 10000
/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.2.Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

7.3.Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ба орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8 дугаар зүйл.Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

8.1.Ус бохирдуулагчийг дараах нөхцөлд төлбөрөөс чөлөөлнө:

8.1.1.хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр;

8.1.2.хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр.

8.1.3.хаягдал усыг цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усны стандартын түвшинд хүртэл цэвэрлэж байгаа нь тогтоогдсон бол цэвэрлэх байгууламж суурилуулан ашигласан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаагаар.

/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.2.Хот, суурин газраас бусад газар оршин суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг төлбөрөөс чөлөөлнө.

8.3. Хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

8.4.Энэ хуулийн 8.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журмыг Засгийн газар батална.

9 дүгээр зүйл.Төлбөрийг төлөх, тайлагнах

9.1.Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө.

9.2.Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

9.2.1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

9.2.2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;

9.2.3.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Төлбөрийн тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

/Энэ хэсгийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

10.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ