www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Монгол  Улсын  эдийн засаг, нийгмийг    2012 онд хөгжүүлэх үндсэн  чиглэлийн  биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай


МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
   

Монгол  Улсын  эдийн засаг, нийгмийг

  2012 онд хөгжүүлэх үндсэн  чиглэлийн

 биелэлттэй холбогдуулан авах зарим

арга хэмжээний тухай 

            Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолын биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

                        1/Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалт, төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын одоогийн практик үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх бодлого, цогц арга хэмжээний санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх; 

                        2/Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлж биелэлтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч, дүнг 2013 оны 3 дугаар улиралд  багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

                        3/Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор баталсан ”Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж,  саналаа  2013 оны 5 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                       

           

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, биелэлтийн явц байдлын талаар Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангаж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/, Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд тус тус даалгасугай.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ  ХУРЛЫН ДАРГА                                                     З.ЭНХБОЛД