www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“МИАТ” ХК-ИЙН НИСЛЭГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар                                                                                                                                                                                                          Улаанбаатар

сарын 9-ний  өдөр                                                                                                   Дугаар 274                                                                                             хот

“МИАТ” ХК-ИЙН НИСЛЭГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ТУХАЙ

   Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.1, 3.2 дахь хэсэг, 1.2.7, 4.2.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

   1. Засгийн газар, төрийн захиргааны бүх шатны байгууллагын албан хаагч, төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ажилтнууд төсвийн болон байгууллагын зардлаар гадаад улсад албан томилолтоор агаарын тээврийн компаниар зорчих тохиолдолд “МИАТ” ХК-ийн нислэгээр зорчиж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч, бусад холбогдох албан тушаалтан нарт үүрэг болгосугай.

   2. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийг төсвийг хэмнэлттэй зарцуулах, шударга өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх зарчмыг баримтлан хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн журам батлан мөрдүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар нарт үүрэг болгосугай.

   3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг “МИАТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батзаяа)-д үүрэг болгосугай:

  3.1. Олон улсын нислэг бүрт төрийн өндөр албан тушаалтнуудад зориулсан нөөц суудлыг байнга хадгалдаг байх;

  3.2. “МИАТ” ХК-ийн олон улсын нислэгээр үйлчлүүлэгчдийн дамжих нислэгийг олон улсын холбогдох агаарын тээвэрлэгчидтэй хамтран чирэгдэлгүй, шуурхай, харилцан ашигтай байх зарчмаар хэрэгжүүлэх арга хэмжээ авах.

   4. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг хагас жил тутам танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар нарт даалгасугай.

   5. Энэхүү тогтоолыг мөн тогтоолын 2 дугаар зүйлд заасан журам батлагдсан өдрөөс мөрдөхөөр тогтоосугай.

        

    Монгол Улсын Ерөнхий сайд                                                        Н.АЛТАНХУЯГ

   

    Зам, тээврийн сайд                                                                          А.ГАНСҮХ