A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАХ, АЛБАДАН ГАРГАХААС ЧӨЛӨӨЛӨХ БОЛОН МОНГОЛ УЛСАД ДАХИН ОРУУЛАХГҮЙ БАЙХ ХУГАЦААГ ТОГТООХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАХ, АЛБАДАН ГАРГАХААС ЧӨЛӨӨЛӨХ БОЛОН МОНГОЛ УЛСАД ДАХИН ОРУУЛАХГҮЙ БАЙХ ХУГАЦААГ ТОГТООХ ЖУРАМ

Засгийн газрын 2021 оны 193 дугаар
      тогтоолын хавсралт

 

ГАДААДЫН ИРГЭНИЙГ МОНГОЛ УЛСААС АЛБАДАН ГАРГАХ,
АЛБАДАН ГАРГАХААС ЧӨЛӨӨЛӨХ БОЛОН МОНГОЛ УЛСАД ДАХИН
ОРУУЛАХГҮЙ БАЙХ ХУГАЦААГ ТОГТООХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид "гадаадын иргэн" гэх)-ийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх, цуцлах, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гадаадын иргэн нь Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн шалтгаан, нөхцөлөө тайлбарлах эрхтэй.

1.3.Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах дүгнэлт, албадан гаргахаас чөлөөлөх, албадан гаргасан шийдвэрийг цуцлах, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг сунгах эсэхийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагч (цаашид "хяналтын улсын байцаагч" гэх)-ийн саналыг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ.

1.4.Энэ журмын 1.3-т заасан шийдвэрийг гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

Хоёр.Албадан гаргах шийдвэр 

2.1.Хяналтын улсын байцаагч нь албадан гаргах ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, энэ журмын дагуу явуулна.

2.2.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1-д заасан үндэслэлээр хяналтын улсын байцаагч нь дүгнэлт үйлдэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулна.

2.3.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.3.1-д заасан эрх бүхий байгууллагаас гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай ирүүлсэн саналыг үндэслэн хяналтын улсын байцаагч энэ журмын 2.2-т заасан дүгнэлт үйлдэнэ.

Гурав.Албадан гаргах ажиллагаа

3.1.Хяналтын улсын байцаагч гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дараахь арга хэмжээг авна:

3.1.1.Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг гадаадын иргэнд даруй танилцуулж, холбогдох зардлыг өөрөө, эсхүл уригч байгууллага, иргэн хариуцахыг мэдэгдэх;

3.1.2.гадаадын иргэний оршин суух хаяг тодорхойгүй, бүртгүүлсэн хаяг байршилдаа байхгүй, эсхүл тухайн гадаадын иргэн албадан гаргах ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдвол түүнийг эрэн сурвалжлах, хаяг байршлыг тогтоох ажиллагааг шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэх;

3.1.3.энэ журмын 1 дэх хэсэгт заасан гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох баримт бичгийг Монгол Улсаас гарах хүртэл хугацаанд түр хадгалах, баримт бичиггүй тохиолдолд уг гадаадын иргэнд баримт бичиг олгуулах талаар харьяалах улсын  Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлт гаргах, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан шийдвэрлүүлэх;

3.1.4.гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрийг үндэслэн гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусаагүй тохиолдолд тухайн виз, оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох;

3.1.5.албадан гаргах шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор тухайн гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл, фото зураг бүхий мэдээллийг гадаадын иргэний виз, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэн даруй оруулан, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хил хамгаалах байгууллагад мэдэгдэх;

3.1.6.энэ журмын 1 дэх хэсэгт заасан гадаадын иргэн (өөрөө, эсхүл уригч) төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон, улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, баримт бичгийн хүчинтэй хугацаа дууссан бол албадан гаргахад шаардагдах уналга, орон байр, хоол, хүнс, баримт бичиг олгуулах зэрэг зардлыг албадан гаргах ажиллагааны зардлаас гаргуулах;

3.1.7.шаардлагатай тохиолдолд гадаадын иргэнийг харьяалах, эсхүл холбогдох улсад хуяглан хүргэх;

3.1.8.гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийн хэрэгжилтийг ажлын 3 өдрийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад илтгэх хуудсаар танилцуулна.

3.2.Гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хүлээн авсан гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь үүргийг хүлээнэ:

3.2.1.энэ талаар тухайн гадаадын иргэнийг харьяалах улсын Дипломат төлөөлөгчийн газарт, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нь албан ёсоор мэдэгдэх;

3.2.2.Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаанд уг гадаадын иргэнд виз олгохгүй байхыг тус улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэх.

3.3.цагдаагийн байгууллага нь гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хамтран хэрэгжүүлэхдээ дараахь үүргийг хүлээнэ:

3.3.1.гадаадын иргэний аюулгүй байдлыг хангаж, хилийн боомт хүртэл хуяглан хүргэх ажлыг хамтран хэрэгжүүлэх;

3.3.2.олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд хэв журмыг сахиулах;

3.3.3.энэ журмын 3.1.2-т заасан ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

3.4.Хил хамгаалах байгууллага нь гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хамтран хэрэгжүүлэхдээ дараахь үүргийг хүлээнэ:

3.4.1.хөрш улсын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагад урьдчилан мэдэгдэж, хамтран ажиллах;

3.4.2.Монгол Улсаас гарах үед хилээр нэн даруй нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулах;

3.4.3.шаардлагатай үед хилийн боомтод байрлуулах, хамгаалах, хоол, хүнсээр хангах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээ авах;

3.4.4.Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаанд гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх.

Дөрөв.Албадан гаргах гадаадын иргэнийг Монгол Улсад
дахин оруулахгүй байх хугацааг тогтоох

4.1.Албадан гаргах шийдвэрт гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг заана.

4.2.Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолж, бүртгэлээс хассан хугацаанд шийдвэрийг хэрэгжүүлнэ.

4.3.Энэ журмын 7.1-д заасан үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг түдгэлзүүлсэн бол тухайн үндэслэл арилмагц Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг шинээр тоолно.

4.4.Дор дурдсан үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтооно:

4.4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр бус буюу хуурамч баримт бичгээр нэвтэрсэн нь нотлогдсон бол 5 жил;

4.4.2.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 2 сараас дээш 6 сар хүртэл хугацаагаар хэтрүүлсэн бол 1 жил;

4.4.3.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 6 сараас дээш 1 жил хүртэл хугацаагаар хэтрүүлсэн бол 2 жил;

4.4.4.виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг 1 жилээс дээш хугацаагаар хэтрүүлсэн бол 3 жил;

4.4.5.түр ирэгч нь виз, бүртгэлийн журмыг нэг жилд 2 буюу түүнээс дээш удаа зөрчиж хуульд заасан хариуцлага хүлээсэн бол 1 жил;

4.4.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан бол 10 жил;

4.4.7.эрүүл мэндийн байгууллага сэтгэцийн өвчтэй болохыг нь тогтоосон бол 10 жил;

4.4.8.хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон бол 5 жил;

4.4.9.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн нь тогтоогдсон бол 3 жил;

4.4.10.ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон бол 3 жил;

4.4.11.Монгол Улсаас сайн дураараа гарах сануулгыг биелүүлээгүй бол 1 жил;

4.4.12.нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчлийг нэг жилд     2 буюу түүнээс дээш удаа үйлдэж, хуульд заасан хариуцлага хүлээсэн талаар цагдаагийн байгууллагаас үндэслэл бүхий санал ирүүлсэн бол 1 жил;

4.4.13.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж болзошгүй этгээд гэж холбогдох байгууллагаас үзсэн бол 10 жил;

4.4.14.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу түүнийг харьяалах улсад нь шилжүүлэх тохиолдолд:

4.4.14.1.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт 1 жил;

4.4.14.2.Эрүүгийн хуулийн тусгай ангид 2-оос дээш жил 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 3 жил;
4.4.14.3.Эрүүгийн хуулийн тусгай ангид 5-аас дээш жил 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 5 жил;

4.4.14.4.Эрүүгийн хуулийн тусгай ангид 8-аас дээш жил 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 7 жил;

4.4.14.5.Эрүүгийн хуулийн тусгай ангид 12-оос дээш жил 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 10 жил.

4.5.Гадаадын иргэн тус улсад орохыг хориглосон хугацаанд өөр овог, нэр, баримт бичиг ашиглан нэвтрэхийг завдсан, нэвтэрсэн нь тогтоогдвол гадаадын иргэний виз, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэн Монгол Улсаас гаргаж, тус улсад орохыг хориглосон хугацааг шинээр тоолно.

4.6.Гадаадын иргэнийг албадан гаргах хоёр, эсхүл түүнээс дээш үндэслэл тогтоогдвол Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааны аль урт хугацааг баримтална.

4.7.Албадан гаргасан гадаадын иргэний тус улсад дахин оруулахгүй байх хугацаа дууссан өдрөөс эхлэн Монгол Улсад нэвтрэх эрх нь сэргэнэ.

Тав.Албадан гаргахаас чөлөөлөх, албадан
гаргасан шийдвэрийг цуцлах

5.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нь тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн            43.3 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэл бий болсон талаар холбогдох байгууллагаас гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдсэн бол гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргахаас чөлөөлнө.

5.2.Хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас виз, оршин суух зөвшөөрлийг 6 сар хүртэл хугацаагаар хэтрүүлсэн, гаргасан зөрчлөө арилгаж албадан гаргахаас чөлөөлөх тухай хүсэлт гаргасан бол холбогдох нотлох баримтыг үндэслэн хяналтын улсын байцаагч дүгнэлт үйлдэж, гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулан шийдвэрлүүлнэ.

5.3.Энэ журмын 4.4.2, 4.4.5, 4.4.11-д зааснаар Монгол Улсаас албадан гаргаж, дахин оруулахгүй байх хугацаа дуусаагүй гадаадын иргэний хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, эсхүл эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан бүхий хүсэлтийг харгалзан хяналтын улсын байцаагч албадан гаргах шийдвэрийг цуцлах эсэх талаар санал гарган шийдвэрлүүлнэ.

5.4.Зөрчил гаргасан гадаадын иргэнийг албадан гаргахаас чөлөөлөх, албадан гаргасан шийдвэрийг цуцлахтай холбогдох баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, үндэслэлээ нотлоогүй, эсхүл үндэслэлгүй болох нь тогтоогдсон тохиолдолд гаргасан хүсэлтийг үл ханган Монгол Улсаас албадан гаргана.
5.5.Хяналтын улсын байцаагч нь энэ журмын 5.2-т заасан хүсэлттэй холбогдуулан нотлох баримтын үнэн, зөв байдлыг холбогдох байгууллагаас тодруулж болно.

5.6.Энэ журмын 1.3-т заасан шийдвэрийг цуцалсан талаар гадаадын иргэний виз бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн өдрөөс тухайн гадаадын иргэний Монгол Улсад нэвтрэх эрх сэргэнэ.

5.7.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн, гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байгаа гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн нь гадаадын иргэнд шийтгэл оногдуулах, албадан гаргах үндэслэл болохгүй.

5.8.Эрх бүхий байгууллагаас хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм тогтоосны улмаас хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрөл аваагүй, визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй нь гадаадын иргэнийг албадан гаргах үндэслэл болохгүй.

Зургаа.Албадан гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсад
дахин оруулахгүй байх хугацааг сунгах

6.1.Энэ журмын 4.4.1, 4.4.4, 4.4.6-4.4.10, 4.4.12, 4.4.13, 4.5-т заасан үндэслэлээр албадан гаргасан гадаадын иргэний тус улсад дахин оруулахгүй байх хугацаа дууссан тохиолдолд уг хугацааг албадан гаргах шийдвэрт зааснаас илүүгүй хугацаагаар сунгаж болно.

6.2.Хүнд гэмт хэрэг үйлдэж Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа дууссан тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Монгол Улсад нэвтрэх эрхийг нь сэргээх эсэх асуудлыг хянан үзээд, уг хугацааг албадан гаргах шийдвэрт зааснаас илүүгүй хугацаагаар сунгаж болно.

Долоо.Бусад

7.1.Монгол Улсаас албадан гаргах шийдвэртэй холбогдуулан гадаадын иргэн гомдол гаргаж, шүүхээс тухайн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн бол уг үндэслэл арилмагц урьд гарсан албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлнэ.

7.2.Энэ журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн нь төрийн албан хаагчид Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

7.3.Монгол Улсаас албадан гаргасан гадаадын иргэн болон Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл шинээр олгосон гадаадын иргэн, түүний уригч байгууллага, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд сар бүр харилцан солилцоно.

 

---о0о---